2007 оны 7-р сард Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг буюу улсын хилийн зурвас бүсэд хамаарах Улаан Тайгын баруун хэсэгт, Мэнгэ Булгийн даваа давж нэгэн цаатны отогт очихдоо машин, жолоочоо 75 километрийн цаана орхин, үерлэж улаанаар эргэлдсэн Хөг гол, чангаан зулгаах намаг балчиг, мөс нь хайлаагүй уулын горхи, морины бөөрийг цусанд будах шигүү ургасан ургаа мод, туурай элээх хад асган дундуур зүтгэсээр шантрахын дааван дээр д.т.д. 2800 м сүндэрлэх ширээ уулын зулай дээр суурьшсан нууцлаг газарт ирлээ. Тайгын модонд хоёр өвдгөө зулгалан, морины цээжээр татсан намгаас гарах гэж морь нь цовхчин зүдэрсэн жуулчин Kate Horn гэгч франц гаралтай америк эмэгтэй Microsoft-д ажилладаг азтай нэгэн бөгөөд цаатны отогт хүрэх эцсийн өдөр зам зуур нулимс унаган нэлээд олон цагийг барав. Туулан буй замдаа зутран бэрхшээсэн нь энэ. Анх Улаанбатараас 33 хоногийн аялалаа эхлэх үедээ ковбой малгай духдуулан ихэмсэгээр инээвхийлэн тоомжиргүйхэн загнаж байсан нь саяхан.
Хөвсгөл далайн цаатны амьдралаас тэс ондоо ч, төсөөлж байсныг бодвол "тансаг" амьдрал угтав. Ширээ уулын зулай дээр уужимхан зайнд хонь, ямаа, үхэр, цаа, адуу бэлчин нүд хужирлана. Урцанд ороход сансрын антенаар ажиллах зурагт, VCD тоглуулагч, хөгжим зэрэг нь нүдэнд тусан гайхал төрүүлнэ. Жуулчин Kate арай ядан б... өө чирэн ирсэн газар ахан дүүс маань амар жимэр амьдраад зогсохгүй, наймааны үр шимээр худалдан авсан зүйлсээрээ урцаа чимэн сууна. Цааны сүүгээр сүүлсэн цайны амттайг яана... Мань мэтийн хүмүүсийн дагуулж ирдэг жуулчдад зориулан цааны эвэр, яс, арьсаар урласан давтагдашгүй бүтээлийг цаатан эгч дэлгэн худалдана...
Зун ч цас нь хайлж амждаггүй ширүүн уур амьсгалтай дасалцан аж төрөн суух цаатны өвөг дээдэст мөргөмүү. Социализмын үед цаатнуудыг Улаан-Уул сумын төв дээр нүүлгэж авчраад дүнзэн байшинд албадан суулгахад байшингийн шалаа ховхлон хаалгатайгаа хамт зуухандаа түлээд анхны цаснаар өвөрмөц соёлоо хадгалан үлдэхийн сэтгэлд хөтлөгдөн тайгын гүнд шингэн одсон гэдэг.
Цаатан эгчид овоо орлого оров. Жирийн бус, харин хэтэвч зузаантай жуулчныг нь сонгон авчирч цаатан хүүгийн гэр бүлд нэмэр болноо...
|
2008-12-08 -