Заримдаа бодол санаагаа цэгцлэх хэрэгтэй үе байдаг. Зарим хүмүүс гүн бодолд автан, зарим нь унтаж, эсвэл гудмаар алхаж, зарим нь тамхиа татаж, зарим нь бүр аяга тагш юм хүртэж байж бодол санаагаа цэгцэлдэг. Харин блог бичигч бид хэдийн нэгэн нийтлэг шинж байж болзошгүй зүйл нь бичиж, бичих явцдаа шинэ санааг олж, аливааг бичих явцдаа эргэцүүлэх явдал юм уу даа. За, би тэгээд өнөөдөр амьдралын үнэт зүйлийн тухай бодлыг Хүү-гийн блогийг уншихдаа өөртөө төрүүлэв. Ер нь хүн бүхэн амьдралынхаа үнэт зүйлийг мэддэг байх ёстой. Түүнийгээ зөв тодорхойлсноор хүний амьдрал цэгцэрч, өмнө нь өөрийгөө хэдэн хэсэг болгож тасдахаа мэдэхгүй эргэлдэж аахилж байсан бол бүх юм алган дээр байгаа мэт тодхон, тодорхой, цөөхөн болж хувираад, цаашид явах замууд тал дээр таван тийшээ салж байсан бол ганцхан зүгт зурайсан зөвхөн чиний жим болно. Чиний амьдралын үнэт зүйл юу вэ?
Энэ асуултыг би 11-р ангийнхаас асуух их дуртай. Заримдаа найз нөхдөөсөө асуудаг. Зарим нь гайхдаг. Зарим нь тэр талаар ерөөсөө бодож үзээгүй байдаг. Ихэнхи нь нэлээд эргэлзэж тээнэгэлзсэний дараа энэ асуултанд хариулдаг. Уншигч Та ч бас хариулах гээд оролдоод үзээрэй. Миний хувьд амьдралын үнэт зүйлээ бүрдүүлэх ажлыг эрт эхэлсэн гэж хэлж болно. Хар багаасаа ном тэврэн, эрдэм ухаан л надад тусална гэдэгт хатуу итгэсэн. Эцэггүй өссөн хүнд итгэл найдвар гэдэг зүйл байхгүй байх нь аргагүй. Магадгүй, эцэггүй өссөн нь надад сэтгэлзүйн маш том нөлөө болсон. Хэнд ч найдах хэрэггүй, зөвхөн өөртөө. Хүмүүс бие биеэ хаядаг. Хичнээн үзэсгэлэнтэй, дур булаам, эрч хүчтэй /яг манай ээж шиг/ байсан ч хаядаг. Эр хүнд итгэхгүй байх үүнээс л надад төрсөн болов уу.
Ээж минь ганц цалингаараа хоёр хүүхдээ хэнээс ч дутахгүй өсгөн, орос сургуульд хоёуланг нь суралцуулан, орос хүүхдүүдийн өмсдөг хувцас хунараар жигдлэн, орос дэлгүүрийн хүнсээр тэжээдэг байв. Үнэтэй эд хогшил, румын тавилга, хивс, шаазан ваар, аль нь ч манайд байдаггүй. Харин ном бол төрөл төрлөөрөө бий.
Эрдэм мэдлэгийг өргөмжлөн дээдэлснээр хичээлдээ чармайн 10-р ангиа төгсөхдөө МУИС-ийн Биологи, Гадаад Харилцааны хоёр урилга авсан маань амьдралын маань анхдагч үнэт зүйлийг баттай тодорхойлсон юм. 1-рт эрдэм мэдлэг, мэдлэг чадвар, ажил мэргэжил.
Эгч минь өөд болохын өмнө амьдрал нь бэрхшээлтэй болж хоёр дүү маань сургууль завсардаад хөдөөнөөс дүү нараа авчран сургуульд /2-р ангид/ оруулав. Хоёр хөөрхөн ихэр дүү маань хоосон толгойтой байхыг тайван харж чадсангүй ээ. Түүнээс 2 жилийн дараа эгч минь өөд болсон юм. Ээж маань их хатуужилтай хүн тулдаа амьд үлдсэн байх гэж би боддог юм. Одоо хоёр дүү маань 10-р анги. Ээж, хоёр дүү минь миний амьдралын 2 дах үнэт зүйл. Яагаад 1-рт биш юм бэ гэж үү? Хэрэв би эрдэм мэдлэггүй бол хэзээ ч хоёр дүүгээ дутаахгүй авч явж чадахгүй билээ, хэзээ ч ээжийгээ баярлуулж чадахгүй билээ. Угтаа мэдлэг мэргэжилтэй байснаар ээжийнхээ зорилгыг гүйцэлдүүлж амьдарч байна.
Харин 3-рт би эрх чөлөөг амьдралынхаа үнэт зүйлд оруулна. Хэн нэгний боол байхыг би хүсэхгүй. Хэн нэгний дарамтанд байхыг би хүсэхгүй. Талын салхинд үсээ сэгсэлзүүлээд, таанын үнэрт агаарыг шимтэн амьсгалж, энхэл донхол дэржигнүүртэй замаар давхиж явахдаа жаргалтай. Тоосонд дарагдсан цамцаа янзлангаа эргэн тойрноо харж, уранхай гуталтайгаа майжигнан тэртээ харагдах хүн чулуу руу алхах би дуртай.
Миний амьдралд өөр юманд нэг их зай байдаггүй. Мэдээж хэрэг, блог бичих хоббитой, шавь нартайгаа инээлдэн элдвийг ярилцан маргаж суух дуртай. Цөөн хэдэн найзуудтайгаа хууч хөөрөн, хов ярьж суух ч дуртай. Харин Уншигч Та тэр бүхнээ ялган салгаснаар илүү дутуу юманд сэтгэлийн хүчээ тарамдалгүйгээр, гол зүйлдээ ухаан бодол, зүтгэл, чармайлтаа чиглүүлэн үр дүнд хүрч болох юм. Нэгэн өвгөн бизнесмэн надад хэлж байсан юм: "Юм юм руу үсчсэн сармагчингууд шиг битгий бай." Тэгэхэд би 10-р ангид байлаа...
|
2017-03-11 -