2009 оны 4-р сарын 11-нд БЗД-ийн Засаг Даргын Тамгын Газрын хурлын танхимд БЗД-ийн Залуу Багш Холбооны ойн баярын хурал явагдаж, жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлаа тайлагнахын зэрэгцээгээр "Залуу багш ба багшийн хөгжил", "Залуу багш нарын иргэний нийгэм дэх оролцоо", "Залуу багш ба нийгмийн асуудал" сэдэвт илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг явагдлаа. Жилийн өмнө Сүнжин Гранд зочид буудалд 350 залуу багшийн бүрэлдэхүүнтэйгээр нээлтээ хийж байсан Ариунболд тэргүүтэй тус холбоо нь байгуулагдаад удаагүй ч, сургууль тус бүр дээр эрч хүчтэй залуусын хүээр залуу багш нарын клубууд байгуулагдан, өнгөрсөн хугацаанд залуу багш нарын цэцэрлэгт хүрээлэнгийн бэлтгэл ажил, "Супер багш" уралдаант тэмцээн, явган аялал, илтгэлийн уралдаан зэрэг бишгүй олон сонирхолтой ажлыг зохион явуулжээ. БЗД-ийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн нийт 38 сургууль байдаг бөгөөд тэдгээр сургуульд 1400 буюу багш сурган хүмүүжүүлэгчдийн 60% нь 35 хүртэлхи насны залуус ажилладаг байна. Залуу насны эрч хүч, шинэлэг сэтгэхүйг үйл хэрэг болгон боловсролын шинэчлэлд хувьсгал хийхээр итгэл сэтгэл шулуудсаар чармайж буй залуу багш нартаа амжилт хүсэхийн ялдамд Тэргүүний клубын өргөмжлөл мөнгөн шагналыг /100,000/ хүртсэн Амгалан цогцолборын "Залуу Багш" клубын хамт олон болон тэргүүний клубын ахлагчийн өргөмжлөл мөнгөн шагналыг /50,000/ хүртсэн 97-р сургуулийн "Wndow" клубын ахлагч Мөнхцэцэг нарт халуун баяр хүргэе.
Дашрамд дурьдахад 4 бусад багшийн хамтаар өргөмжлөл мөнгөн шагнал хүртсэндээ, урам зориг хайрласан Холбоондоо маш их баярлалаа. Гэнэтийн юманд хүн тэр тусмаа бүр их баярладаг юм байна билээ.
Баярласандаа болоод тэсэлгүй баярыг маань хуваалцахаар өглөө эрт хүрэлцэн ирсэн найз бүсгүйгээ баярлуулаад тэр орой нь хамт "Чингисхаан" дуурь үзэж, Жамухын дүрд дуулсан Дамдинсүрэн гуай, Бөртэгийн дүрийн Жавзандулам гуай, Хадааны дүрийн нэгэн үзэсгэлэнт чадварлаг бүсгүйг бишрэн, тоглолтын дараа удирдаач Бүрэнбэх гуайд баглаа цэцгээ өргөн барьж сэтгэлээ амраав.
Мартагдашгүй, үнэхээр гоё өдөр байлаа...
|