Melody Mongolia

2008-11-30

Хүмүүс яагаад аялан жуулчилдаг вэ? Аялал жуулчлалын нийлүүлэлт нь жуулчны experience-д яагаад чухал вэ?



Хүмүүс яагаад аялан жуулчилдаг вэ? Өвөрмөц бөгөөд содон санаа бүхий роман бичигч АНУ-н зохиолч Don DeLillo аялал жуулчлалыг тэнэглэлийн марш хэмээн нэрлэв. Гэр орноо орхин хамаг мөнгөөрөө алс бөглүү нэгэн газар очоод хэдэн зураг аваад замдаа ядарч туйлдан гэртээ эргэн ирээд дахин ажилдаа шургах нь хүмүүсийн хувьд хэвийн үзэгдэл болжээ. Магад хүмүүсийн энэ зан бидний ДНХ-д нуугдмал нэгэн код ч байж болох юм. Балар цагийн өвөг дэдэс маань болох Неандертальчууд Еврази тивийг 200,000 шахам жилийн турш ноёлохдоо Европын өнцөг булан бүрийг сониучирхаж, бүр цаашилбал Монгол, Өмнөд Сибирь хүртэл тархан аялж байжээ. Эрдэмтэдийн тогтоосноор хөгжил цэцэглэлтийн оргил үедээ тэдний тоо 15-хан мянгаас хэтрээгүй аж. Ойролцоогоор 30,000 жилийн өмнө тэдгээр эртний хүмүүс устаж болсон шалтгаан нь тодорхой бус юм. Олон мянган жилийн турш аялахдаа хайж байсан зүйлээ Неандертальчууд олсонгүй.

Берингийн хоолойгоор дамжин Америк тивд тархсан ази тивийнхэн, задгай тэнгисээр 2000 милийг гатлан Хавайн аралд хүрч очсон Полинезчүүд, худалдааны зам нээх хүсэлдээ хөтлөгдсөн азтан Марко Поло, тэд тус тусын зорилготойгоор аялж байжээ. Хүнсний хэрэгцээ, амьдрахад таатай уур амьсгал, бизнесийн ашиг хонжоо гэх мэт аялах болсон олон шалтгааныг орчин  цагийн хүмүүн бид нэрлэх билээ. Гэвч практик сэдэлгүйгээр, таашаал авахын тулд хүмүүс яагаад аялж эхэлсэн бэ гэдэгт хариулахад бэрх. МЭӨ 5-р зуунд түүхч Геродот Газар Дундын Тэнгисийн зүүн буланд айлчлан гайхалтай дурсгалуудыг үзсэнээ магтан дуулснаар бидэнд Дэлхийн эртний Долоон Гайхамшгийн тухай мэдээ хадгалагдан үлджээ. Түүнээс арай хожим Ромын Эзэнт Гүрний хамгийн эрч хүчтэй жуулчин болох эзэн хаан Адриан Их Британи хүртэл аялснаар 76 миль үргэлжлэх хэрэм ханыг байгуулсан нь өдгөө хэвээр юм. Олон зууны туршид энгийн хүмүүсийн аялах бололцоо нэмэгдсээр байсан хэдий ч тэдний аялалын зорилго нь хязгаарлагдмал, хумигдмал байв: шашин мөргөл, худалдаа наймаа, дайн тулаан булаан эзлэлт. Шинэ, сонин содон газар очиж үзэх хүсэл мөрөөдөл нь зорилгоосоо үл хамааран хүчтэй сэдэл болж байв (Marc Mancini, 2005). 19-р зуунаас аялахад хялбар болж хүмүүс галт тэрэг, сайжруулсан замаар аялах болсон нь зуу зуун милийг харьцангуй тав тухтайгаар туулах бололцоо олгов. 20-р зуунд аж үйлдвэржсэн улсуудад бараг хүн бүхэн аялах бололцоотой болсны дүнд аялал жуулчлал дэлхийн хамгийн томоохон үйлдвэрлэлийн салбар болсон. Эрт цагийн баян чинээлэг, адал явдал эрэлхийлэгчдийн нэгэн адилаар дэлхий ертөнцийг таниж мэдэх боломж хүн төрөлхтний түүхэнд анх удаа олдсон хүмүүсийн үеийн төлөөлөгчид болоод зогсохгүй тухайн салбарт хүчин зүтгэх аз тохиосон бидний өмнө бүрэн гүйцэд хариулаагүй асуултууд нэлээдгүй байна.
Аялал жуулчлалыг хоёр өргөн ойлголтод хувааж болох бөгөөд эдгээр нь ажил хэргийн аялал ба амралтын аялал юм. Амралтын буюу нөхөн сэргээлтийн аялал нь бие махбодь, оюун санааны таашаал авах зорилгоор хийж буй аялал бөгөөд ажил хэргийн аялал нь ажил мэргэжилтэй холбоотой шалтгаанаар оршин суудаг газраа орхин одохыг хэлнэ (Marc Mancini, 2005). Ажил хэргийн болон нөхөн сэргээлтийн аялал жуулчлал давхцах талтай. Сонирхолтой газар очиж буй бизнес аялагч ажил хэргээ цэгцэлсний дараагаар аялалаа 1-2 өдрөөр сунган тухайн газрын дурсгалт газруудтай танилцдаг жишээтэй. Судалгаагаар, бүх бизнес аялагчдын 20-25 % нь ажил хэргийн аялалаар явахдаа нөхөн сэргээлтийн аялалд тусгайлан цаг гаргадаг. Нөгөө талаас, далайн круиз аялалд яваа нэгэн нь ажлынхаа зарим бичиг баримт, зөөврийн компьютер зэргээ авч явж ажлаа гүйцэлдүүлэх нь түгээмэл.
Аялал хүнд ихээхэн стрессийг нэмэгч хүчин зүйл болдог гэдгийг “travel” гэдэг үгийн франц хувилбар “travail”-ын утга болох “ажил”-с харж болно. Хүмүүс яагаад аялдаг вэ гэдгийг хүн бүхний хувийн зан чанартай, өвөрмөц онцлогтой холбож үзэх ёстой. Ганц бие хүмүүс амьдралынхаа ханийн эрэлд морьдон аялдаг. 2008 оны 9-р сард Natalie Hall гэгч америк эмэгтэй ганц бие хүмүүсийн круиз аялал сонгон Итали, Газар дундын Тэнгисээр аялахад тэдний аялалын бүрэлдэхүүнд 1 эрэгтэй, 24 эмэгтэй хүн байсан. Энэ нь түүнийг дараа өөр төрлийн аялал сонгоход хүргэнэ. Нутаг орныхоо цаг агаарын байдлаас хамааран зарим хүмүүс аялахаар шийддэг. Шинэ Зеланд гэр бүл Robert, Jan Wilson нар өмнөд тал бөмбөрцөгт өвөл болоход хойд тал бөмбөрцөгт зуны наранд аялаад, нутагт нь зун болж Европ, Азид өвөл болоход аялалаа дуусган очоод B&B –ээ ажиллуулдаг жишээний. Канадын зохиолч Les Kletke шинэ зохиолынхоо санааг олохын тулд Оросын тосгонд зочлон, монголчуудтай галт тэргэнд танилцан, Хятадын нисэх онгоцны буудалд түрийвчээ суйлуулна. Харьцангуй хямд үнээр гэр бүлийн хамт Антарктид тивд очиж үзэх боломжийг хэн ч алдахыг хүсэхгүй нь зүйн хэрэг. Аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд аялахдаа ихээхэн хөнгөлөлт эдэлдэг нь тэднийг аялан жуулчлахад түлхэц болно.  Салбарынхаа ололт амжилт, дутагдал доголдлыг олж харахаас гадна хэрхэн бусад байгууллагууд өөрийн бэрхшээлтэйгээ тэмцэж байгааг мэдэж авах хосгүй боломжийг энэхүү хөнгөлөлтүүд олгодог ажээ. 
Хувь хүний онцлогоосоо хамааран зарим хүмүүс аялах дуртай, зарим нь огт гэрээс гарах дургүй, зарим нь аялах явцдаа идэвхитэй байх, явган аялах, цанаар гулгах, уул хаданд авирах дуртай байдаг, харин зарим нь нам гүм сүм, музей, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, эсвэл дэлгүүр хэсэх дуртай байдаг билээ. Зарим хүмүүс байгаль экологийн болон соёлын асуудалд эмзэг ханддаг бол зарим хүмүүс огт үүнийг тоодоггүй. Жишээ нь, 2006 онд Баян-Өлгий аймагт аялж явахад айлын эгч сүү хийх хоосон хуванцар сав гуйхад тогооч маань гал тогооны машинд ачсан хогноосоо хэдэн ширхэг хуванцар сав гаргаж өгснийг харсан жуулчин аяллын эцэст санал асуулгын хуудсандаа биднийг аялсан газартаа хуванцар хог хаягдал үлдээсэн гэж бичсэн юм. Энэ бүхэн хувь хүнээс хамаардаг болохыг дараах зарчмаас харж болно.
Судлаач Stanley Plog гурван төрлийн аялагчдыг тодорхойлжээ: Dependables /хамаарагчид/, Venturers /эрэлхийлэгчид/, Centrics /центрикууд буюу дундыг баримтлагчид/. Dependables буюу хамаарагчид нь маш болгоомжтой хүмүүс юм. Урьдчилан хэлж, тодорхойлох боломж бүхий энгийн амьдралаар амьдрахыг илүүд үздэг, ер бусын юмс болон тодорхой бус нөхцөл байдлаас зайлсхийдэг. Аялахдаа аюулгүй, олон нийтэд сайн танигдсан газрыг зорьдог. Хавайн арал, Австрали, Лондон хүрэх аялал тэдний хувьд жинхэнэ адал явдал байх болно. Заримдаа тэд нэг газраа дахин дахин очиж аялдаг. Тэдний гол аяллын төрөл нь найз нөхөд, хамаатан садныдаа айлчлах аялал /VFR/ юм. Илүү экзотик газар аялах шийдвэрийг гаргасан тохиолдолд “escorted” аялал / тээвэр, орон байрны хэрэгсэл, хоол, үзвэр, үйлчилгээ зэргийг урьдчилан зохион байгуулсан аялал /, круиз аялалыг сонгодог бөгөөд энэ нь гадны, харийн, үл мэдэх зүйлсээс тэднийг “хамгаалдаг” байна.
  Venturers буюу эрэлхийлэгчид нь арай хатуу зоримог хүмүүс юм. Тэд олон янзын, сонин, өвөрмөц зүйлсийг туршиж үзэхэд бэлэн, ер бусын, экзотик газар аялах дуртай байдаг. Тэдэнд аюулгүй, урьчилан тодорхойлох боломжтой газрууд залхмаар, уйтгартай санагддаг. Гайхамшигт аяллыг тэдний төсөөллөөр Непалаар явган аялах, эртний Майачуудын туурийг үзэх, Кенийн сафарид явах зэргээр ойлгож болно. Тэд голдуу бие даан аялахыг илүүд үздэг боловч Орос, Кени, Хятад зэрэг улсад аялахад дэндүү аюултай, хүндрэлтэй, хэт экзотик учраас зохион байгуулалт бүхий аялал сонгохоос буцдаггүй, ялангуа тэр нь илүү үр ашигтай  байгаа тохиолдолд юм.
Centrics - центрикууд буюу дундыг баримтлагчид нь сэтгэлзүйн хувьд эдгээрийн дундын хэлбэр юм. Аялагчдын дийлэнхи нь энэ ангилалд багтдаг. Амьдралдаа бага зэрэг /хэтэрхий биш/ адал явдалтай учрах дуртай. Хавайн аралд очих дуртай ч, Таити болон Фижи арлуудаас ч буцахгүй, мөн жуулчид бага очдог Португали, Румын улсад ч зочлох тал бий. Экзотик боловч дэлхийд алдартай Каир, Рио, Токио гэх мэтийн хотууд тэдний сэтгэлийг мөн татна.
Эдгээр хэв шинж хооронд нарийн зааг ялгаа байхгүй бөгөөд хэв шинжүүд хоорондоо уусах байдлаар давхцал
илэрдэг ажээ.
Загвар 1: Plog's Continuum

Энэхүү зарчим дээр үндэслэн хүмүүс өөр өөрийн өвөрмөц зорилго, сэдлээр аялах шийдвэр гаргадаг бөгөөд тэрхүү шийдвэр нь хувь хүн бүрийн онцлогоос урган гардаг гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, аялах шийдвэрийг буруу, зөв хэмээн үзэх боломжгүй бөгөөд хүн хүнийг аялалд хөтөлж буй шалтгаан өөр өөр байдаг юм. Янз бүрийн хүмүүс янз бүрийн юманд дуртай байдаг. Жуулчин бүр өөр өөр шалтгаанаар аялалаа сонгодог. Гэрээ орхин одсоноор бид юунаасаа салж болох, юунаасаа хагацаж чадахгүй гэдгээ мэдэж авдаг бөгөөд цаашид хүсэн хүлээх, мөрөөдөх зүйлээ олж авдаг юм (Richard Ford, 2001). Харин аялалаа хэрхэн сонгож байгааг системчлэхийг эрдэмтэн судлаачид оролдсоор байна.
 Хүмүүс аялалаа хэрхэн сонгож авч буйг эрдэмтэд олон нийт ямар нэгэн бүтээгдэхүүнийг хүлээж авч буй хандлага, сэтгэгдэлтэй холбон, тодорхойлж үзжээ. Хүмүүс бүтээгдэхүүнийг commodity /хэрэглээний зүйл, бараа бүтээгдэхүүн/ эсвэл experience /туршлага, мэдлэг, сэтгэгдэл/ маягаар хүлээн авдаг байна. Commodity гэдэг нь энгийн, тухайн салбарын бусад бүтээгдэхүүнтэй адил бөгөөд үнэ мэтийн логистик хүчин зүйлд үндэслэгдэн худалдаалагддаг бүтээгдэхүүн, хэрэглээний зүйл юм. Сонгодог жишээ нь нисэх онгоцны тийз юм. Тийз худалдан авахад бид завсрын сааталгүй, шууд нислэгийг аль болох хямд үнээр худалдан авахыг хүсдэг. Онгоцны миль цуглуулдаггүй л бол ерөнхийдөө агаарын тээврийн ямар компаниар үйлчлүүлэх нь тийм ч чухал бус. Ихэнхи агаарын тээврийн компаниуд адил төстэй байдаг бөгөөд энэ нь автомашин түрээсийн хувьд мөн адил байдаг. Ихэнхи хэрэглэгчид ийм бараа үйлчилгээг өөрөө өөртөө үйлчлэх замаар, утсаар буюу Интернетээр, хэн нэгний, жишээ нь тур агентын, тусламжгүйгээр худалдан авдаг. Харин experience нь дээрхээс ондоо юм. Энэ нь маш олон төрлийн амралтын бүтээгдэхүүн санал болгодог нийлүүлэгчидтэй секторын маш нарийн, нийлмэл, цогц бүтээгдэхүүн юм. Princess круиз компани нь Windstar круиз компаниас ялгаатай байх жишээний. Ахмад настай, санхүүгийн боломж бүхий аялагчдад үйлчилдэг Abercrombie & Kent tour нь 35-с доош насны залууст үйлчилдэг Contiki tour-тай харьцуулашгүй. Үнэ, логистик нь бидэнд чухал байх хэдий ч нийлүүлэгчийн “хэв шинж” нь чухам бидэнд тохирох эсэх нь аялал сонгох шийдвэрт голчлон нөлөөлдөг байна. Тиймээс жуулчид аялал, круизыг tour agent-ын тусламжтайгаар худалдан авдаг ажээ. Гол учир нь, тэд өөрсдөд нь яг ямар төрлийн бүтээгдэхүүн тохирохыг шийдэхэд бэрхшээлтэй байдаг. Орон байрны хэрэгслийн хувьд бол зочид буудал бүр өөрийн онцлогтой байдаг тул орон байрны хэрэгслийг хүмүүс experience хэмээн тооцох нь зөв юм. Гэсэн хэдий ч, зарим хэрэглэгчид орон байрны хэрэгслийг сонгохдоо  сommodity байдлаар ханддаг. Зочид буудлын талаархи хэрэглэгчдийн төсөөллийг тухайн салбарынхан ёгтлон “ гэрэл унтрахаас хойш, харанхуйд бол хаана ч унтсан ялгаагүй” гэж хошигнодог. Commodity, experience 2-г ялгах нэг арга бол, experiential бүтээгдэхүүн нийлүүлэгчид нь голдуу хэрэглэгчиддээ бүтээгдэхүүнээ тайлбарлахын тулд брошюр хэвлүүлдэг бол сommodity нийлүүлэгчид тэгдэггүй. АНУ-н гадаад аяллын үнийн өөрчлөлт Travel Industry Association of America байгуулагын тооцоогоор, 2007 оны 10-р сартай харьцуулахад 2008 оны 10-р сарын Аяллын Үнийн Индекс 4,2 % өсчээ. Орон байрны хэрэгслийн үнэ 1,8% буурч, шатахууны үнэ өмнөх сараас 14,8 % буурсан, бол онгоцны тийзийн үнэ 10,49 өсч, өмнөх сараас 4,4% буурчээ.
Хүснэгт 1: Аяллын Үнийн Индекс.


Аяллын үнэ болон зардал өсч буй өнөөгийн нөхцөлд хэрхэн аялал жуулчлалын нийлүүлэлтийг тогтвортой байлгах нь үндсэн асуудалд тооцогдож байна.
Жуулчны туршлага нь аялал жуулчлалын чухал хүчин зүйлсийн нэг мөн. Жуулчны туршлага нь хэд хэдэн бүрдүүлэгч элементтэй бөгөөд тэдгээр нь тухайн газрын сэтгэгдэл, үйлчилгээ, аяллын сэдэл, бусад жуулчидтай болон нутгийн оршин суугчидтай харилцах харилцаа, соёлын ялгаа гэх мэтийн олон хүчин зүйлүүд юм. Тэр ч байтугай хамт явган аялсан хүмүүс бидний туршлагад эерэг, сөргөөр нөлөөлдөг. Жуулчны туршлага нь аялал амжилттай болсон эсэхийг тодорхойлдог. Тиймээс жуулчны туршлагыг үнэлэх явдал нь чухал ач холбогдолтой.
1960-аад оноос хойш жуулчны туршлага нь аялал жуулчлалын чухал судалгааны сэдвийн нэг байсаар иржээ (Uriely, 2005). Тухайн сэдвээр ихээхэн хэмжээний судалгаа хийгдсэн хэдий ч жуулчны туршлага болон түүнийг бүрдүүлэгч элементүүдийн талаар маргаантай олон зүйл байна (Page & Connell, 2006; Quan & Wang, 2003).  Аялал сонгох шийдвэр гаргах үедээ хэрэглэгч олон төрлийн мэдээллийн эх үүсвэртэй тулгардаг.  Нэн түрүүнд хүн бүрийн санах ойд хадгалагдсан зүйлс, тухайн хүний хувийн мэдлэг, туршлага чухал үүрэгтэй. Энэхүү санах ойн сурвалжийг мэдээллийн дотоод эх үүсвэр гэдэг (Roy A.Cook, Laura J.Yale, Joseph J.Marqua, 2006). Жишээ нь эхнэр нөхөр хоёр 7 хоногийн аяллаар хүүхдүүдтэйгээ хамт явахаар шийдэх үедээ хоёр жилийн өмнө нуурын эргийн амралтын газар гайхалтай дурсамжтай зуныг өнгөрөөснөө санан дахин тэнд амрахаар шийддэг.
Ихэнхи тохиолдолд дээрхи шийдвэрийг гаргахад бидэнд нэмэлт мэдээлэл зайлшгүй шаардагддаг. Үүнийг гадаад мэдээллийн хайлт хэмээн нэрлэдэг. Энэхүү гадаад мэдээллийн эх сурвалжийг дотор нь хувийн болон хувийн бус хэмээн хоёр ялгадаг.
 Загвар 2: Хэрэглэгчийн шийдвэр гаргалтанд нөлөөлөх мэдээллийн эх үүсвэрүүд

Хувийн сурвалж буюу мэдэллийн эх үүсвэр нь биднийг мэдээллээр хангадаг хувь хүмүүс юм. Хайнан аралд амарч ирээд аяллыг нь зохион байгуулсан компанид хандахыг зөвлөж буй найз маань бизнесийн бус хувийн эх сурвалж болно, аль төрлийн круиз аялал тохирохыг зөвлөж буй тур агент нь бизнесийн хувийн эх сурвалж болно. Хувийн бус мэдээллийн эх сурвалжид боломжит бусад бүх мэдээллийн хэлбэрүүд, тухайлбал аяллын сэтгүүл, баазын брошюр, гудамжны сурталчилгаа зэрэг нь орно. Аялал жуулчлалыг нийлүүлэгчид маш олон төрлийн хувийн бус эх сурвалжуудыг хянаж байдаг нь вэбсайт, баннер сурталчилгаа, поп-ап зар юм. Урт хугацаагаар аялагчдын сонгож авдаг мэдээллийн үндсэн хэлбэр нь guide book юм, учир нь тухайн номыг зохиогч нь ашгийн үүднээс аль нэг байгууллагыг онцгойлдоггүй юм. 
Шинэ Зеландад аялагчдын дунд хийсэн судалгаагаар, жуулчдын 40% нь Шинэ Зеландын эрэг дээр буутлаа ямарч урьдчилсан төлөвлөлт хийдэггүй байна. Үүнээс жуулчид өөрийн дотоод мэдээллийн эх сурвалжид ихээхэн найддаг гэж дүгнэж болно. Дотоод мэдээллийн сурвалж болон гадаад мэдээллийн хувийн сурвалжийн чухал бүрдүүлэгч элемент нь  урьд өмнө тухайн газар аялсан хүний сэтгэгдэл, туршлага юм. Жуулчны хуримтлулсан туршлага нь дараагийн жуулчны сонголтонд нөлөөлдөг бөгөөд үүгээрээ аялал жуулчлалын эрэлтийг бүрдүүлдэг.

Аялал жуулчлалын нийлүүлэлтийг аялал жуулчлалын нөөц, аялал жуулчлалын ерөнхий дэд бүтэц, хүлээн авах орчин нөхцөл, үзвэр үйлчилгээ, аялал жуулчлалын үйлчилгээ зэрэг элементүүд бүрдүүлдэг (Sessa, 1983) бол эдгээр нь эргээд жуулчны сэтгэгдэл, туршлагад нөлөөлдөг.

Эрэлт нь нийлүүлэлтэнд шууд нөлөөлдөг учраас жуулчны туршлага, аялал жуулчлалын эрэлт, аялал жуулчлалын нийлүүлэлт нь бие биедээ харилцан үйлчилдэг үйл явц юм. Бүтээгдэхүүн үйлчилгээг үнэлэх чухал хэмжүүр нь чанар байсаар ирсэн. Аялал жуулчлалын компани чанараар дамжуулан жуулчны туршлагад нөлөөлөх нь илүү бодитой арга юм. Аялал жуулчлалын зах зээл улам өрсөлдөөнтэй болж буй өнөөгийн нөхцөлд санхүүгийн тогтвортой амжилтанд хөтлөгч хүчин зүйл нь чанар болж байна. Олон тооны аялал жуулчлалын бүтээгдэхүүн нийлүүлэгчидээс бүрдсэн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага компанийн өмнө тулгарч байна.
Өмнө дурьдсанчлан, жуулчин бүр өөрийн өвөрмөц хэрэгцээ, хүсэл сонирхолтой байдаг. Нэг хүнд “сайн чанар”-тай гэж тооцогддог зүйл нь нөгөө хүнд байж болшгүй зүйл мэт санагддаг. Зарим монголчууд өөхтэй буузыг л сайн бууз гэдэг бол зарим монголчууд “цул өөх” гээд тэр буузыг идэхгүй байх жишээний. Чанарыг бид голцуу тоо хэмжээтэй холбон ойлгох нь элбэг. Жишээ нь зочид буудлын өрөө талбай ихтэй бол, галт тэрэг хүрэх газраа цөөн цагийн дотор хүрч байвал тэр үйлчилгээг бид чанартай гэдэг. Гэтэл хэмжүүрээр хэмжих боломжгүй өөр олон зүйл бидэнд тохиолддог. Жуулчны хөтөч-тайлбарлагчийн гадаад хэлний, соёлын болон судлагдахууны мэдлэгийн чанарыг хэмжүүрийн тусламжтайгаар илэрхийлэхэд бэрх. Гэсэн хэдий ч сайн, муу хөтөч гэсэн ойлголт хэн бүхний дунд оршсоор. Чанар яагаад чухал байдаг вэ? Өндөр чанар нь компаний хувьд гурван төрлийн чухал үр ашиг авчирдаг. 1-рт, хэрэглэгчид компанийн бүтээгдэхүүнийг чанартайд тооцвол илүү өндөр үнэ төлөхөд бэлэн байдаг, тиймээс компаний ашиг нэмэгддэг. 2-рт, сайн чанар нь борлуулалтын хувь хэмжээг өсгөдөг. 3-рт, сайн чанар нь тухайн бүтээгдэхүүнд үнэнч хэрэглэгчийг төрүүлдэг. Ийм үнэнч хэрэглэгч нь ямарч өрсөлдөгчийн реклам сурталчилгаанд хууртагдахгүй, орлуулах бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрөхгүй, эерэг сэтгэгдэл туршлагыг бусдад тараан, компанийн нэр хүндийг улам сайжруулж байдаг. Манай тохиолдолд улс орны destination image сайжирна гэсэн үг юм.
Аялан жуулчлах, сонин содон газар үзэх, байршлаа солих хүсэл хүн төрөлхтнийг эрт цагаас эзэмдэж ирсэн бөгөөд АНУ-н ерөнхийлөгч Вильям Тафт (1909-1913) ажилчдыг жил бүр 2-3 сар амрааж байх ёстой гэсэн саналыг дэвшүүлж байсан нь аялан жуулчлахад хүмүүс цаг бага гаргаснаар хөдөлмөрийн бүтээмж буурч байсантай холбоотой. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хүн бүр өөр өөр өнцгөөс харж сонголтоо хийдэг бөгөөд тэрхүү сонголт нь бүтээгдэхүүн худалдан авснаар жуулчны туршлага болж хувиран,  аялал дууссаны дараа тухайн хүний уураг тархинд хадгалагдсанаар олон жил, сарын турш бусад хүмүүсийн аялал сонголтонд нөлөөлж байдаг. Тиймээс цаашид жуулчны тогтвортой урсгалыг хангахын тулд нийлүүлэлтийн чанарыг ямагт сайжруулж байхаас гадна потенциаль хэрэглэгчийн хувьд “чанар” гэдэг ойлголтонд юу юу багтаж байдгийг ойлгон, хэрэглэгчийг дахин дахин ирүүлэхийн тулд хийж болох бүхнээ нарийн тооцоолох ёстой юм. 


 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 1744 удаа

Сэтгэгдлүүд

2010-10-26 -

Бичсэн: Зочин
үнэхээр гоё нийтлэл байна,би бас аялал жуулчлалаар сурдаг тиймээс их таалдагдлаа,
. Шууд холбоос

2009-11-29 -

Бичсэн: Зочин
mash zvgeer bailaa bi ooroo aylal juulchlal sonirhodog bi blogmn.net deer blogtoi bolson ym ene tal deer blog herhen sain hotloh talaar taniig
ooriinhoo medeh zvileer tuslaach gej hvsej bn thank's
. Шууд холбоос

2008-12-08 -

Бичсэн: Зочин
kiss party
. Шууд холбоос

2008-12-04 -

Бичсэн: Gerle
Маш сонирхолтой нийтлэл бн. Баярлалаа
Би өөрийгээ Centrics, Venturers 2ийн хооронд байрлалтай аялагчдийн нэг гэж дүгнэлээ. laughing


(жич: зураг1. дээр эрэлхийлэгчид, хамаарагчид аа солисон бололтой)
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

Сүүлийн бичлэгүүд

. Чиний ямар байх чинь надад огт хамаагүй
. 21-р зууны галзуучууд
. Завгүй залхуу
. Түүний багваахай цэцэг
. Байна уу, байна уу
. Заримдаа
. Нэгэн захидал
. Ганц бие байх 11 шалтгаан
. Санжид ахын алдрыг магтан дуулъя
. Public speaking tips
. Аймшигт бодлууд
. Мэндчилгээ
. Шалгалт
. Гашуун сургамж
. Сант толгой, Хүслийн мод
. Заяын Хүрээ
. Амьдрахуйн утга учир
. Битгий айгаарай
. Чингисийг хайрлах монголчуудын хайр дундаршгүй
. Туулайн бөөр
. Нэгэн ертөнц
. Хээнцэрхэн цэцэг байх минь ч яалаа даа
. Золбин
. Таавар
. Бяцхан одой морь
. 200 км-ийн морин аялал
. Шинэ төрлийн үүл
. Даврагсдад
. Таалагддаггүй
. Зайнаас ажиллах буюу Telecommuting
. Жадчины талбай
. Бидний ертөнц
. Идээд л байж дээ
. БЗД-ийн Залуу Багш Холбоо
. Emptiness
. Ангийнхандаа баярлалаа
. Утгагүй
. Хардах сэтгэл юунаас үүдэлтэй вэ?
. "Тоска" дуурь ба гэнэн хүмүүс
. "Севилийн үсчин" дуурь
. Гулливерын адал явдлууд
. Дэлгүүрт донтогсдод зөвлөх нь
. Хямд юм бүхэн муухай биш юмаа
. Би итгэдэг
. "Хөдөөгийн баясгалан" фото сурвалжлага
. Яагаад чадахгүй гэж?
. Дүүгийн зурсан зураг
. Гуулин бурхны инээмсэглэл
. Улаан хацарт зоригт эр
. Бид эх орондоо хайртай
. Хариуцлагаас зугтагч
. Рэй Чарльзын өнгөт амьдрал
. "Трубадур" дуурь
. Амьдралын үнэт зүйл
. Бяцхан Болжмор Edith Piaf
. Батсүмбэр сум орох замд
. Ханилахаас өөр аргагүй
. Хонгорын элсний хайрын домог
. Зүүд минь ээ
. Мессенжэрт нуугдагсад
. Жаргал өөд тэмүүлэгчид
. Обама ах аа амжилт
. Хулгай юу соён гэгээрүүлэл үү?
. Стресс ба хөгшрөлт
. Хэрэгцээт гайхамшиг
. Алмас сурвалжилсан тэмдэглэлээс
. Аяа анд минь чи
. Өгий нуурын толигор мандал
. Онгийн хийдийн гунигт шивнээ
. Алмасыг орчин үеийн ш/ухаанд
. Хотон нуур
. Бяцханаа
. Африкийн гайхамшиг
. Зурхайн орд - наслалтыг
. Говь нутаг сэтгэл гэгэлзүүлнэ
. Идсэн хоолоо шатаа
. Хүсэн ерөөе
. Үе үеийн романтик хосууд
. Романтик кино үзэх тийм муу гэж үү?
. Сүүлчийн Неандерталь бүсгүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Бусад

www.flickr.com
This is a Flickr badge showing public photos and videos from Melody Mongolia. Make your own badge here.

Дотоод холбоо



Тоолуур

Миний блогийн 192989 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 88 » Нийт: 106
Өмнөх | Дараагийн